7 хоногийн онцлох

Онцлох сэдэв

Энэ 7 хоногийн онцлох сэдэв Дахин сонгууль. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин зохион байгуулах тухай Монгол улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбоотой манай аймгийн одоогийн эрх баригчид Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргасан ч  түүнийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Үүнээс харахад Монгол улсад шүүхийн шийдвэр хэрэгждэг бол дахин сонгууль болохоос аар аргагүй нөхцөл байдал Орхон аймагт бий болоод байна. Харин Орхон аймгийн одоогийн удирдлагуудын хувьд ямар ч шүүхийн шийдвэр байсан бидэнд хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Дахин сонгуулийг Орхон аймгийн сонгуулийн хороо зохион байгуулах үүрэгтэй. Дээд шүүхээс ирсэн шийдвэрийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.Батдэлгэр даргатай Орхон аймгийн сонгуулийн хороонд албан ёсоор танилцуулжээ.

Тухайн үед байгуулагдсан Орхон аймгийн сонгуулийн хороо татан буугдаагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор мэдэгджээ. Өөрөөр хэлбэл дахин сонгууль зохион байгуулах тухай эцсийн шийдвэр Дээд шүүхээс гарсан, тэр шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой сонгуулийн хороо татан буугдаагүй хүчин төгөлдөр байгаа гэсэн үг.  Мөн сонгууль зохион байгуулах зардлыг буруутай этгээдүүдээс буюу сонгуулийн хорооны гишүүдээс гаргуулж болох хуулийн зүйл заалт байгаа гэдгийг ч өмгөөлөгчид нь хэлж байгаа юм.

Онцлох хүн

Энэ 7 хоногийн онцлох хүн Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганзориг. Тэрээр  Тендер авсан ч төсвийн мөнгөөр чанаргүй ажил хийдэг, завшдаг компаниудтай хуулийн хүрээнд хариуцлага ярьж, орон нутгийг хохиролгүй болгох чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулж ажилласан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа дутуу гүйцэтгэсэн, хугацаа хэтрүүлсэн, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, хувьдаа завшсан зэрэг зөрчил гаргасан нийт 8 аж ахуйн нэгж, иргэнд холбогдох 1 тэрбум 35.8 сая төгрөгийг тухайн буруутай этгээдээс гаргуулж орон нутгийг хохиролгүй болгохоор тэрээр шүүхийн байгууллагад хандаж ажиллажээ.

Ингэснээр одоогийн байдлаар 4 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж 370.8 сая төгрөгийг орон нутагт төлөхөөр болсон байна. Харин үлдсэн 4 иргэн аж ахуйн нэгжид  холбогдох хэрэг шүүхийн шатандаа явж байгаа гэлээ.

Онцлох үйл явдал

Эрдэнэт хотод Монгол улсын уул уурхайн салбарынхан цуглаж аюулгүй ажиллагааны талаар 2 өдрийн турш зөвлөлдлөө. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал – Хамтын оролцоо – 2018” форумыг 7 хоногийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.  Энэ удаагийн форумд уул уурхайн салбарын 170 гаруй аж ахуйн нэгжийн 400 гаруй төлөөлөл оролцож Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлуудыг ярилцан сайн туршлагаа солилцжээ.

Онцлох асуудал

Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хуулиар хориглодог. Төсвийн мөнгөөр, тодорхой хэлбэл 98 сая төгрөгөөр дэргэдээ хэвлэл мэдээллийн студи байгуулаад жил гаран болж байгаа Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хууль зөрчсөн үйлдлийг онцлох асуудал болгож байна.

98 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Тэр дундаа студи байгуулж тоглоход бүр ч их мөнгө.  Хууль зөрчин зөрчин студи байгуулахын оронд 98 сая төгрөгөөр шийдчих асуудал Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарт захаас аван баймаар.

Өнгөрсөн хугацаанд тус студид 74 мэдээ, 48 нэвтрүүлэг, 21 ширхэг эрүүл мэндийн гарын авлагын эх бэлтгэл хийжээ. Эдгээрээс иргэдэд хүрсэн нь хэд бол.  Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний талаар иргэдийн мэдлэг мэдээлэл хэр дээшилсэн бэ?

Наанаа улс орны эдийн засаг хямралтай байгаа тухай их ярьдаг ч цаанаа татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулдгийн нэгэн жишээ Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын 98 сая төгрөгийн өртөг бүхий студи юм.

187 Comments

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>